
Монголд мерчиндайз гэх ойлголт сүүлийн жилүүдэд илүү их яригдаж эхэлсэн ч олонх нь үүнийг байгууллагын логотой цамц, арга хэмжээний дурсгалын хувцсаар хязгаарлан ойлгосоор байна. Гэтэл дэлхий дээр мерчиндайз аль хэдийн аж үйлдвэрийн нэг салбар, логистик, материал судлал, биотехнологи, оюуны өмч, дизайн, соёлын огтлолцол дунд хөгжиж байна. Энэхүү философийг Монголд нутагшуулахыг эрмэлзэж буй Б.Жанна болон У.Эрдэнэтулгатай байгуулагдаад жил болж буй БНХАУ-ын Гуанжоу хот дах үйлдвэр болон мерчиндайз бүтээгдэхүүний онцлогийн талаар ярилцлаа.
Монголын хувцас хэвлэл, мерчийн зах зээл бодитоороо жижиг. Дийлэнх захиалга 100–500 ширхгийн хооронд хэлбэлздэг. Энэ нь бизнесийн хувьд тодорхой нэг түвшинд хүрмэгц өсөлт нь саардаг, цааш тогтвортой тэлэх боломж хязгаарлагддаг гэсэн үг. Зах зээл ингэж “ханачихдаг” нөхцөлд дараагийн шатанд гарахын тулд танил тал, өгөө-аваа, далд харилцаа шаардагдах нь цөөнгүй. Харин өдгөө 10 жилийн нүүрийг үзэж буй ST Design-ий бизнесийн философид ийм зүйл байхгүй гэдгийг У.Эрдэнэтулга ярилцлагын эхэнд ний нуугүй учирласан юм.
Тиймээс тэд цэвэр өрсөлдөөн, хичээл зүтгэлээр хэмжигддэг гадаад зах зээлд үйл ажиллагаа эхлүүлээд нэг жилийн нүүрийг үзэж буй. Мөн үүний нэг шалтгаан нь Монгол Улс түүхий эд үйлдвэрлэгч орон биш. Харин хувцас хэвлэл, мерчийн салбарын түүхий эдийн гол төв бол БНХАУ-ын Гуанжоу хот. Нэг үгээр, тэнд даавуу, материал, будгийн технологи, тоног төхөөрөмж, логистик бүгд нэг дор төвлөрсөн орчин. Ийм нөхцөлд үйлдвэрлэлээ тухайн улсад байгуулах нь зардал, хугацаа, чанарын хувьд асар их давуу талыг тэдэнд авчирч байгаа юм. Онцлоход энд масс үйлдвэрлэлийн захиалга авахад ойлголцлын зөрүүгээс гадна, хугацаа богино, мэргэжлийн алдаа харьцангуй бага гардаг юм байна.
Мөн sample-ийг газар дээр нь үйлдвэрлэх боломжтой буюу загварын эх хувилбар дээр ойлголцлын зөрүү үүсэхгүй, хугацаа алдахгүй байх зэрэг олон давуу талыг тэдэнд олгож байгаа юм. Гэхдээ ST Design тус улсын логистикийн өргөн сүлжээг ашиглан дэлхийд гарах боломжтой болж буй. Өөрөөр хэлбэл, тэд Хятад хэмээх томоохон үйлдвэрлэгч орны зах зээлд өрсөлдөхөөс илүүтэй гадагшаа дэлхийд гарах боломжийг анх удаа нээж, энэ салбартаа мөс хагалж буй.
Энэ талаар У.Эрдэнэтулга “Монголд үйлдвэрлээд бараа гаргах нь амаргүй. Гааль, логистик, хугацаа, зардал гээд олон асуудал давхар гарч ирдэг. Харин Хятадад суурьтай болсноор олон улсын үйлчлүүлэгчидтэй харилцах, бараа нийлүүлэх процесс харьцангуй энгийн болсон.
Үүний үр дүнд Казахстан, Узбекистан, Малайз, Франц, НҮБ-ын Африк дахь төсөл зэрэг олон улсын захиалгыг гүйцэтгээд байна. Зарим нь масс үйлдвэрлэл, зарим нь нэг удаагийн тусгай захиалга. Тухайлбал, Малайзаас нэг гэр бүлийн хуримын тусгай захиалга ирсэн нь энэ салбар ямар өргөн хэрэглээтэйг харуулж буйн тод жишээ” хэмээн тайлбарлаж байлаа.

Мерч гэдэг нь тухайн байгууллага, уран бүтээлч, хамт олон өөрийн нэр, философи, үнэт зүйл, өнгө төрхийг бүтээгдэхүүнд шингээн илэрхийлсэн хэлбэр юм. Энэ нь заавал ажлын хувцсаар хязгаарлагдахгүй. Харин өдөр тутмын амьдралд байнга өмсөж, хэрэглэж болох, нэг удаагийн хэрэглээнээс давсан, удаан хугацаанд үнэ цэнээ хадгалдаг бүтээгдэхүүн байх учиртай.
Иймд мерч нь зар сурталчилгаа шиг “харагдаад өнгөрөх” бус, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд нэвт шингэдэг. Хэн нэгэн түүнийг өмсөж, барьж, ашиглах бүрд тухайн брэндийн мессеж чимээгүйгээр түгнэ. Элэгдэж, хуучирч дуустал энэ мессеж үргэлжилсээр, тухайн хүний өдөр тутмын хэрэглээ болдог. Тиймээс мерч бол сурталчилгааны самбар биш, харин соёлын нөлөөлөл юм. Брэнд өөрийгөө хүчээр “сануулах” бус, хэрэглэгчийн сонголтоор дамжин аяндаа танигддаг хэлбэр гэж ойлгож болно.
Жишээлбэл, алдарт Beatles-ийн Abbey Road-ын гарцтай футболк, Supreme-ийн цамц, Harry Potter-ийн ороолт, малгай зэрэг нь тухайн хамтлаг брэндээсээ дутахааргүй өндөр эрэлттэй байдаг. Энэ том зах зээлд Монгол брэнд, баг, хамтлаг, бизнес ч гарах боломжтой. Үүний хамгийн том жишээ нь цахим спортын төрөлдөө дэлхийд №1-д бичигдэж буй Mongolz билээ. Сонирхолтой нь зарим уран бүтээлч, дизайнер MongolZ-тай холбоотой бүтээгдэхүүнийг Redbubble зэрэг олон улсын платформууд дээр өөрсдөө загварлан худалдаалж байна. Энэ нь фен-базын сонирхол байгааг тод харуулж буй. Уг баг спортын өндөр амжилт, түүнийг дагасан урамшуулал, цалингаас гадна мерчийн тодорхой орлогын эх үүсвэртэй болж буй нь илэрхий. Иймд үүнийг дагасан үйлдвэрлэгч, загвар зохион бүтээгчид санал тавих нь дамжиггүй. Тодруулбал, оны өмнөхөн тэдэнд Addidas, Balanciaga-гаас тэдний мерч бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах санал тавьжээ. Гэхдээ тэд мерчийн бүтээх явцын ойлголцол, материалын чанар зэргээрээ дутахааргүй, хурдан ойлгомжтой байлгах үүднээс ST Design-тай хамтран мерчээ бүтээснийг энд дурдах нь зүйтэй байх.

Уншигч та амжилттай мерчтэй болохын тулд юу хүсэж байгаагаа эхлээд маш сайн тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа загвар гүйцэтгэгч талд бүрэн итгэх шаардлагатай. Энэ талаар У.Эрдэнэтулга “Ер нь мерчийг уран бүтээл гэж харах хэрэгтэй, захиалагч бизнесийн философи үнэ цэнээ тодорхой илэрхийлсэн бол “фантазлах” орон зайг бидэнд үлдээх хэрэгтэй. Энэ 10 жилийн хугацаанд харилцаж буй байгууллагуудад буй нэг том дутагдал нь мерч гаргах гээд байна уу, зарын самбар хийлгэх гээд байна уу гэдгээ огт ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл, жинхэнэ бүтээгдэхүүн болох процесст хэтэрхий их ордог” хэмээв.
Мөн үүнээс дутахааргүй нэг чухал зүйл нь материал юм. Суналт, өнгө, амьсгалалт, элэгдэл гээд бүх шалгалтыг давж байж сайн мерч бий болно.
Монголын олон брэнд цөөн хэдэн бөс барааны дэлгүүрээс материал авдаг. Үүний улмаас:
Гуанжоу хот дахь салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй Б.Жанна БНХАУ-ын загварын чиглэлээр шилдэгт тооцогддог Дунхуа их сургууль-д магистрын зэргээ хамгаалжээ. Тэрбээр загварын салбартаа pattern design чиглэлээр илүүтэй мэргэшсэн нь тэдний бизнес шинэ түвшинд гарах шат болж буй.
Хэлний давуу байдал, мэргэжлийн суурь боловсрол, олон улсын орчинд ажилласан туршлага нь түүнд Хятадын зах зээлд итгэлтэй ажиллах боломж олгож буй. Тодруулбал, цаашид ST Design зөвхөн хувцас үйлдвэрлэж, нийлүүлэхээс илүү загвар, концепц, дизайн нийлүүлдэг түвшинд хүрэхээр зорьж буй. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийг механик процесс гэж харах бус, уран бүтээлийн өнцгөөс хандаж, байгууллагын соёл, ажлын орчин, дотоод уур амьсгал, онцлогт нийцсэн мерчийг цогцоор нь санал болгох аж.
Мөн Монголын хувцас хэвлэлийн салбарыг дэлхийд таниулах томоохон ажлын эхлэлийг тэд тавьсан юм. Тодруулбал Б.Жанна ST design-ийг төлөөлөн анх удаа The 8th World Textile Merchandising Conference-д амжилттай оролцжээ. Тус чуулганд дэлхийн 60 гаруй орны төлөөлөгч урилгаар оролцож, нийтдээ 100 гаруй улс хамрагджээ. Чуулганаар логистик, материал судлал, биотехнологи, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг нь мерчийг зөвхөн “хэвлэлтэй хувцас” бус, үйлдвэрлэлийн экосистем гэж харж эхэлснийг илтгэнэ. Үүгээр зогсохгүй, материалын инновац, нийлүүлэлтийн гинжин уялдаа, брэндийн хөгжил зэрэг сэдвээр олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьсан бөгөөд 2026 оны дэлхийн нэхмэлийн салбарын чиг хандлага, шинэ санаачилга, төслүүдийг танилцуулсан байна.

Энэ талаар Б.Жанна “Манай улсын хувьд спортын багийн хувцасны түвшинд дөнгөж ойлгож эхэлж буй энэ салбарт дэлхий хэдийнээ хэд хэдэн алхмаар урагшилсан байна. Монгол Улсаас уг чиглэлээр анх удаа оролцсон нь олон улсын оролцогчдын хувьд ч төсөөлшгүй зүйл байсан. Монголчууд стандарт, гүйцэтгэлийн хувьд үнэхээр сайн. Нөгөө талаараа, үйлдвэрлэгч орон биш учраас боломж хязгаарлагдмал орчинд сэтгэж, түүндээ тааруулан шийдэл олж сурсан нь давуу тал болж байна. Одоо бүх төрлийн материал, технологи, нөөц бэлэн орчинд ормогц монгол мэргэжилтнүүд илүү задгай, бүтээлчээр сэтгэх боломж нээгдэж байгаа”-г онцолж байлаа.